Pocket - Санхүүгийн зөвлөгөө #79

Pocket • 2022.09.19

Шинээр ажилд орохын тулд олон байгууллагуудтай уулзаж тэдний санал болгож буй нөхцөлүүдийг жишиж үзсэний дараагаар шийдвэрээ гаргадаг. Ингэж шийдвэр гаргах үед хамгийн том нөлөөтэй байдаг хүчин зүйл бол мэдээж цалин хөлс, түүнийг дагалдах хангамж. Цалин хөлс болоод түүнийг дагалдах хангамжийг та сайтар бодох ёстой зүйл юм шүү. Жишээ нь нэг байгууллага танд үндсэн цалин 3 сая төгрөгийг санал болгожээ. Энэ байгууллага илүү цагийн мөнгийг олгодоггүй нөхөж амрахаар зохицуулдаг. Мөн өөр төрлийн хангамж байхгүй. Харин нөгөө нэг байгууллага танд 2,5 сая төгрөгийн цалинг санал болгосон байна. Энэ байгууллага илүү цагийг цалингаар нь тооцож олгодог. Мөн гар утасны төлбөр, өдрийн хоол цаанаасаа өгдөг болон өдөр бүрийн унааны мөнгө болон хагас жилийн бонус урамшуулал буудаг гэв. 

Энэ тохиолдолд та тухайн байгууллагын ажлын ачаалал болон, өөрийн санхүүгийн арга барил дээр үндэслэн шийдвэр гаргах хэрэгтэй. Магадгүй тухайн байгууллагат ажилладаг хүнтэй нь ярилцаад үзвэл илүү цагаар ажиллах шаардлага хэр их гардаг талаар мэдээлэл авч болох юм. Зарим газар илүү цагийн мөнгө олгохгүй хэрнээ маш их илүү цагаар ажиллуулж тэгсэн мөртлөө нөхөж амрах цагийг дураар олгохгүй хүлээлгээд байдаг шүү. Илүү цаг дээр ийм бол хангамж талаас та өөрийн арга барилтай зохицуулах хэрэгтэй. Жишээ нь та өдрийн хоолыг гадуур идэхдээ хэдэн төгрөг зарцуулдгаа бодоод үзвэл өдрийн хоол цаанаасаа өгдөг байгууллагын цалин нь илүү өндөр ч болж болох юм.